Номын баярын өдөр

Өнөөдөр Сүхбаатарын талбайд номын 5-90 хувийн хямдралтай худалдаа “Номын баярын өдөр”-ийн хүрээнд болж байна. Энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг номын баярт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан, хэвлэлийн газраас бүрдсэн 70 гаруй байгууллага оролцож байна. Энэхүү баярт зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, төрөлжсөн үзэсгэлэн, явуулын номын санг үзэхээс гадна гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлагад оролцох боломжтой юм. Зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Манай баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирж зохиолч, уран бүтээлчидтэй уулзана гэдгээ мэдэгдсэн. Оролцогчид маань ерөнхийлөгчид уламжлах санаагаа бэлдээд, хүлээж байна. Номын салбарт хөгжил хэрэгтэй байгаа. Тухайлбал татвараас чөлөөлөх хэрэгтэй байна. Тэгвэл номын үнэ илүү хямдарч, эрх зүйн орчин сайжирна. Татвараас чөлөөлөөд, цэгцлээд өгчихвөл номын агуулгад анхаарал тавих, хариуцлага шаардах боломжтой болно” гэв. “Номын баярын өдөр” өнөөдөр 19.00 цаг хүртэл, маргааш 10.00-19.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжлэх юм.

Төв талбайн урд дөрвөлжлөн барьсан цагаан асрууд дотор дээрх албан байгууллага, хувь хүмүүс, зохиолчид өөрийн хуучин болоод шинэ номоо худалдаанд гаргаж байв. Иргэд ч энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцож байгаа нь асар бүрт ном сонирхон унших битүү хүмүүсээс ажиглагдаж байлаа.

Г.Эрдэнэбат: ТАНЫ ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙН ХУВЬ ЗАЯА, САЙН САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ НЬ УНШСАН НОМООР ТОДОРХОЙЛОГДОНО

Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатаас “Номын баярын өдөр”-ийн талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Өнөөдөр их сайхан өдөр байна. Энэхүү номын баярыг сар бүр зохион байгуулж баймаар санагдлаа. Энэ бол нийгмийг соён гэгээрүүлэх маш зөв бодлого. Цаашдаа цар хүрээ нь өргөжиж, улам өргөн хүрээнд, бүх нийтийг хамарсан үйл явдал болоосой хэмээн бодож байна. Маргааш ч үргэлжлэх юм байна. Ер нь хүүхэд, залуучуудыг ном уншуулах гэж битгий албад гэж хэлмээр байна. Сургууль, гэрийн орчинд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар ном унших ёстой, заавал унш хэмээн тулгаж, албадан уншуулдаг. Энэ бол их буруу. Харин гэр, сургуулийн орчинд тухайн хүүхдэд унших ёстой, мэдэх ёстой номуудыг нь нүдэнд нь байнга өртүүлж, харагдуулах хэрэгтэй. Номыг хүн дурлаж, уншдаг болохоос албадлагаар унших ёсгүй. Мөн сургуулийн багш нар, эцэг, эхчүүд ном уншдаг хүүхдийг шагнаж, сэтгэлийн урам өгж, урамшуулж байвал их зүгээр. Таны хүүхдийн ирээдүйн хувь заяа, сайн сайхан амьдрах боломж нь уншсан номоор хэмжигдэнэ шүү” хэмээв.

Ардын уран зохиолч Тангадын Галсан: АЛИВАА УЛС, ГҮРНИЙ МАНДАН ХӨГЖИХ, БУУРАН ДОРОЙТОХЫГ НОМООР ШИНЖИЖ БОЛДОГ

Мөн энэ үеэр “Номын баяр”-т зориулсан урлагийн тоглолт болсон билээ. Энэхүү тоглолтыг үзэн сонирхож буй ардын уран зохиолч Тангадын Галсан гуайн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Аливаа улс, гүрний мандан хөгжих, бууран доройтохыг номоор шинжиж болдог. ЗХУ бутарсны дараа хуучин Сталинград өнөөгийн Болгарт очиход ард түмнийх нь амьдрал их л доройтсон байлаа. Оюун ухаан хаана байна тэр улс л манддаг. Манайх оюун байхгүй толгой учир “Оюу толгой”-г, тархи байхгүй толгой учир “Тавантолгой”-гоо алдсан. Хүмүүс ялгардаг болчихжээ. Нэг хэсэг нь номоор амьдарч, нөгөө хэсэг нь нам хөөцөлдөг болж. Гэхдээ өнөөдөр номын баяр хийж байгаа учраас миний Монгол сайхан мандан цэцэглэх нь гэж бодож сууна даа.

Өдрийн сонин

https://www.youtube.com/watch?v=S59Hy8-9dQc&t=1s

МОНЦАМЭ агентлаг