“Номын баяр-2020” төв талбайд эхэллээ

"Номын баяр-2020" УИХ-ын даргын ивээл дор “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.

“Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болон зохиож байгаа номын баярыг энэ жил Монгол орон даяар 18 хоногийн турш өргөн дэлгэр тэмдэглэхээрээ онцлогтой.

Ерөнхий зохион байгуулагчаар “Номын соёлт ертөнц”ТББ, Соёлын яам, ЗГХА, Соёл урлагийн газар, нийслэл, аймгийн Засаг дарга нар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Үндэсний болон хотын төв номын сан,“Номын ертөнц” клуб, МЗЭ, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэлийн газрууд, Мэдээлийн түнш, дэмжигч байгууллагаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Үндэсний цахим И-Сан, Монгол костюмс төв, Хатун төв, Язгуур контент ХХК, Юнител, МСS групп ажиллаж байна. Энэ жилийн номын баяраар бүх нийтийн ном уншлагыг идэвхжүүлэх зорилгоор “Ном бид-2” ном уншлагын нийтийн хөдөлгөөнийг “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг төрлөөр сонирхолтой уралдааныг цахим орчинд өрнүүлэх юм. 

Мөн Улсын болон орон нутгийн онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдвараас сэргийлэх шийдвэр, журам, зөвлөмжийн дагуу хүмүүсийг нэг дор олноор төвлөрөл үүсгэхгүй байх, иргэдэд ном, хэвлэлийн худалдаа үйлчилгээг ойртуулах зорилгоор нийслэлийн 9 дүүрэгт номын үзэсгэлэн, худалдааг “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.

Номын баярт жил бүр 30 000-40 000 уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. “Хэдий эдийн засгийн хямралтай, хөл хориотой байгаа ч энэ жил илүү өргөн болж магадгүй” хэмээн зохион байгуулагчид нь үзэж байна.

Номын баярын хоёр дахь хэсгийг Соёлын сайдын ивээл дор маргаашаас 10 дугаар сарын 4-нийг хүртэл “Хязгаар үгүй-Ном-сэтгэлгээний эрх чөлөө” уриатай нийслэлийн дүүргүүд, орон нутагт зохиох юм.

Номын баярын нээлт маргааш 11 цагаас Төв талбай, нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдэд нэгэн зэрэг болно.

Эдгээр өдөр

- “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага,

- номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу,

- орон даяар “Ном бид хоёр” бүх нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулах,

- “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг цахим уралдаан,

- “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо,

- Уншигч-зохиолчдын уулзалт,

- сургалт лекц,

- уншигч хүүхдэд зориулсан хөтөлбөр,

- уран уншлага,

- номын баатруудын театрчилсан тоглолт,

- харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ,

- ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр нэвтрүүлэг, хэлэлцүүлэг болно.

Эх сурвалж: https://montsame.mn/