Хүн бүхэн мэдлэг, мэдээлэл, боловсролыг цахим орчноос авах боломжтой болсон энэ цаг үед цаасан хэвлэл, номын соёлыг бүрэн гээсэнгүй. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь болсон сонгодог уран зохиолуудыг хэвлэмэл хэлбэрээр нь унших явдал харин ч эсрэгээрээ газар авч байна. Харин номын соёлыг олонд хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчилан таниулах, зохиолч уншигчдыг холбосон гүүр болж буй нэгэн цогц, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ буюу “Үндэсний номын баяр” ирэх сарын 20-22 өдрүүдэд 31 дэх удаагаа зохион байгуулагдахаар болжээ. 

 
Тиймээс бид энэ удаагийн дугаартаа тус арга хэмжээг зохион байгуулдаг “Номын соёлт ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, сэтгүүлч, ном зүйч, “Цар тахлын тэмдэглэл” номын зохиогч Б.Сувдыг урьж ярилцлаа. Номтой холбоотой ажил үйлс үргэлж эерэг сэтгэгдэл, дулаахан мэдрэмжүүдээр дүүрэн гэж тэр тодорхойлох дуртай. Ингээд түүний ажил, мэргэжлийн онцлог, амьдралын нөү-хаутай танилъя. 

Эрхэлдэг ажил: “Номын соёлт ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч
Байршил: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, МЗЭ 205 тоот
Хэрэглэдэг гар утас: iPhone XR
Хэрэглэдэг компютер: MacBook Air
Сошиал хуудсууд: Suvd Bat ErdeneНомын ертөнц (Facebook),
suvd1122 (Instagram) suvdB (Twitter)

 

ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би багаасаа л ном унших дуртай хүүхэд байлаа. Аав, ээж хоёр минь ч боломжоороо ном худалдан авч номын сангаа баяжуулдаг байсан. Тиймдээ ч гэр бүлийн хүмүүжлийн хувьд ч тэр багаасаа номд хайртай хүүхэд болоод төлөвшчихсөн юм. Энэ цэг дээрээс л карьерийн тухай яриа эхлэл болов уу.

Миний амьдрал, ажил, дотоод ертөнц минь бүхэлдээ ном гэдэг зүйлтэй салшгүй холбоотой. Номд дуртай хүүхэд болж хүмүүжсэн учраас ном, соёлын ажил руу зөнгөөрөө л яваад орчихсон байх гэж боддог.

2005 онд “Номын ертөнц” нэвтрүүлэг анх үзэгчдэд хүргэсэн. Номд дуртай, түүний үр өгөөжийг чухалчлан авч үздэг хэсэг залуус нийлж уг нэвтрүүлгийн анхны цуврал дугааруудыг үзэгчдэд хүргэж байлаа. Харин 2007 онд бие даан үйл ажиллагаа явуулахаар болж “Номын соёлт ертөнц” ТББ-аа байгуулсан. Баг маань солигдсон ч гэлээ би ажлаа үргэлжлүүлэн хийсээр л байна.

Тухайн үед номын тухай ойлголт нэлээд хязгаарлагдмал хүрээн хашигдаж байсан шүү дээ. Ном гэхээр ахмад зохиолч, яруу найрагчид л зурагтаар ярьж, залууст өөрсдийн үүх түүх, бүтээлийн тухай хуваалцдаг байлаа. Тиймээс л нийтэд, тэр тусмаа залуучуудад ном, соёлын ойлголтыг илүүтэй хүргэхээр зорьсон юм. “Үндэсний номын баяр”-ын үйл ажиллагаа эхэндээ амжилттай байгаагүй. Олон саад бартаа, энхэл донхолтой замыг алдаа, оноо хослуулан туучсаар өдийг хүрсэн. Одоо бол уншигчид хийгээд уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг баяр, үйл ажиллагаа болсон гэдэгт эргэлздэггүй.

 

ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өнөөдөр л гэхэд миний утсанд 100 гаруй дуудлага иржээ. Ер нь олон хүмүүстэй харилцах, и-мэйлээ шалгах, хэрэгтэй чухал зурваст хариулт өгөх, бусадтай уулзаж ярилцах зэргээр хэд, хэдэн ажлыг давхар амжуулдаг. Яг тогтсон хэвшил, дадал гэж үгүй. Жишээ нь томоохон үйл ажиллагаа эхлэх дөхөхөөр ажлын хуваарь өөрчлөгдөнө. Илүү их ачаалал нэмэгддэг. Тиймээс ч тухайн өдрийн нөхцөл байдлаас хамаараад харилцан адилгүй гэсэн үг.

 

ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хоёрхон үгээр тодорхойлвол тууштай, чин сэтгэлээсээ. Хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь туйлын чухал гэж боддог. Тиймдээ ч аливаа саад бэрхшээл, асуудал тулгарахад шантарч бууж өгөх тухай бодолгүйгээр тууштай байж чаддаг.

 

АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Манай баг Office 365 -ыг ажилдаа ашигладаг. Шаардлагатай материал, бичиг баримттай бүгд танилцаж, архивлах, илгээх нэгдсэн системтэй болчихоор ажил цэгцтэй явдаг. Мөн цахим номын аппуудыг хэрэглэдэг. Завгүй амьдралын дундуур утсаа нээгээд л номоо уншчихад их амар байдаг. Мөн үүнээс гадна фэйсбүүк, банк, хүргэлт, такси дуудлагын, төрийн үйлчилгээний гэх мэт аппуудыг өдөр тутамдаа хамгийн их хэрэглэдэг.

 

 

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний хувьд итгэлтэй хүмүүстэй хамтарч ажиллах нь цаг хэмнэх хамгийн сайн арга. Хамтран ажиллаж буй хүмүүс маань дор бүрнээ ажлаа сайтар гүйцэтгэж чаддаг. Тиймдээ ч асуудал үүсгэх, ажлын цагаас хомслох зүйлс тэр бүр гараад байдаггүй. Яг л нэг гэр бүл шиг халуун дулаан уур амьсгалтай, итгэл даадаг хүмүүс ажил болоод амьдрал дээр ч бусдын цагийг хэмнэж байдаг.

Манайхан үйл ажиллагаа, маркетинг, “Редакторын клуб”, сэтгүүл, нэвтрүүлэг, хөтөлбөр гээд хийж ажлуудаа хуваагаад авчихна. Түүнийгээ сэтгэлээсээ сайн хийж гүйцэтгэдэг болохоор үргэлж хурал зөвлөгөөн хийж цаг үрдэггүй. Ажлын гүйцэтгэлдээ л илүү анхаардаг.

 

ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Би хийх ажлуудаа эхлээд тархин дотроо зураглаж, төсөөллөөрөө загварчилдаг. Нэгэнт дотроо зураад, агуулгыг нь бий болгочихсон ажлаа дэвтэрт бичиж тэмдэглэдэг. Харин тухайн өдөрт нэмэлтээр гарч ирсэн ажлуудыг утасныхаа notes тэмдэглээд явдаг.

Мөн тухайн өдөрт хийсэн ажлуудаа ширээнийхээ хуанли дээр тэмдэглэж, хөтөлдөг. Ингэснээр сарын дараа би юуг хийж гүйцэтгэж вэ, алийг нь хийж чадсангүй вэ зэрэгт хариулт өгч, өөртөө дүгнэлт хийнэ.

 

ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хамтран ажиллаж буй багийнхнаасаа эрч хүчээ сэлбэдэг. Аливаа бэрхшээл тулгарвал, гарц шийдлийг нь олохын тулд бусадтай ярилцахыг урьтал болгоно. Тиймдээ ч өөртөө ачаалал хуримтлуулж, биеэ ядраахгүйгээр эрч хүчээ нөхөхийг хичээдэг. Харин оюуны эрч хүчээ сэлбэхийн тулд дуртай зохиолчийнхоо номыг тэврээд, орчлонгоос тасарч “эморох” дуртай даа (инээв).

 

ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би ер нь хийж байгаа ажилдаа л өөрийгөө бүрэн дүүрэн зориулдаг. Мэдээж аль ч салбарт асуудал үргэлж тулгарч байдаг. Тийм болохоор хийж байгаа ажлаа улам сайжруулж, чамбайруулахыг хичээнэ. Иймээс номын соёлыг олон нийтэд илүүтэйгээр танин мэдүүлж, тэдний амьдралд суулгахын тулд 2020 онд “Редакторын клуб”-ыг үүсгэн байгуулж, ном бүтээх тухай сургалт зохион байгуулахын хажуугаар нэлээд хэдэн номд редактор, зохион байгуулагч үүрэгтэй ажилласан.

Сүүлийн үед бол охиндоо цаг гаргахыг илүүд үзэж байгаа. Орой ажлаа дуусгаад охиндоо карт цээжлүүлж, үсэг нүдлүүлэж байна. Эмээ бас энэ ажилд тус нэмэр болдог юм. Нэг ёсондоо охиныхоо боловсролд анхаарахын зэрэгцээ хамт өнгөрүүлэх цаг хугацааг бий болгож буй хэрэг. Яг одоо ажлаас гадуур дурлаж хийдэг хамгийн том ажил энэ байна даа.

 

ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би номын салбарт ажиллаж буй хүн. Тиймдээ ч олон сайхан хүмүүстэй нөхөрлөж, хамтран ажиллаж байна. Хүрээлэлд маань ихэвчлэн номд хайртай, унших дадлыг дотроо суулгасан, мөнхүү уран бүтээлч хүмүүс байдаг. Ийм учраас өөрийн бүтээсэн энэ л ертөнцдөө үргэлж байхийг хүсдэг. Энэ бол хийж буй ажлын маань хамгийн онцлог, давуу тал.

Гол нь аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон хүмүүстэй харилцах хэрэгтэй болдог. Тэр тусмаа төрийн байгууллагуудын дэмжлэг, тусламж маш их хэрэгтэй. Харин зарим нөхцөлд төрийн байгууллагуудтай үл ойлголцол үүсдэг нь энэ ажлын бэрхшээлтэй тал юм даа.

Тиймээс үндэсний бичиг соёл, үр өгөөжийг нийтэд илүү хүртээмжтэй болгохын тулд шийдвэр гаргаж буй хүмүүс, гүйцэтгэлийн шатанд буй мэргэжилтнүүдэд ном, соёлын чухлыг, үр өгөөжийг илүүтэй хүргэхийг, ойлгуулахыг хүсдэг.

 

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Яг одоо бол 31 дэх удаагийн “Үндэсний номын баяр”-ын үйл ажиллагаан дээр илүүтэй төвлөрч байна. Дэлхий нийтээр гарсан хөл хорионы улмаас томоохон үйл ажиллагаа, уулзалтуудыг хориглож байсан ч бид өмнөх онд номын баярын амжилттай зохион байгуулж чадсан. Гэвч цар тахлын үеийн нөлөө саараагүй байсан учраас зарим нэг ажиллагааг хязгаарлах хэрэгтэй болсон. Харин энэ оны номын баяраар олон шинэлэг эвент, үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна.

Цаашдын төлөвлөгөө гэвэл хийж буй ажлаа улам сайжруулах. Аливаа зүйл өөрчлөгдөж, шинэчлэгдэж, цаг тутамд хувирч байдаг. Тэр бүрд шантралгүй тууштай байж, нөхцөл боломжийг эрэлхийлэн, цаг үеэ мэдэрч ажиллах нь хамгийн чухал.

ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?

Залуучуудаас үргэлж суралцдаг. Монголчууд “Буурлаас үгс сонс” гэдэг шүү дээ. Мэдээж ахмад настны үгийг сонсож, сургаалиас нь өөртөө шингээж авалгүй яахав. Гэхдээ миний хувьд үргэлж шинийг эрэлхийлж, түүнд тэмүүлж явдаг учраас залуусаас суралцах зүйл их байдаг.

 

САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Би зохиолч Т.Бум-Эрдэнийн “Дотроосоо”, Б.Эрдэнэсолонгийн “Ирээдүйн дурсамж” номуудыг санал болгомоор байна. Мэдээж өөр олон зохиолч, туурвилчдыг нэрлэж болох ч мэдрэмжээ хөглөмөөр санагдвал уншаарай гэе.

Харин хөгжмийн хувьд гэвэл симфони найралд илүү дуртай. Мөн Бетховен болон Бах зэрэг сонгодгуудыг нэрлэнэ. Төрийн шагналт Н.Жанцанноров гуайн CD -г машиндаа эгшиглүүлж явах дуртай. Учир нь их хотын түгжрэлд нэг тийм амар амгалан, тайвшралыг авчирдаг. Нүсэр их хөдөлмөрт дарлуулж, технологижсон хүн болчихгүйн тулд аж төрөхүйн дарамтнаас хэсэг зуурч болов хөндийрүүлж өгдөг хөгжмүүдэд дуртай.

Киноны тухайд бол About TimeMe Before YouThe HolidayThe Notebook гэх мэт ахин дахин үзэх дуртай кинонууд бий. Яг үнэндээ кино үзэхэд бараг цаг гаргахаа болиод уджээ. Яах аргагүй охиныхоо шаардлагаар хүүхэлдэйн кино л их үзсэн байна. Би гэхдээ триллер ч юм уу хүнд төрлийн кино сонирхдог үзэгч биш. Хөнгөн сэдэвтэй, гэгээлэг төрлийн бүтээлүүдэд илүүтэй шимтдэг.

 

АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Уйлахдаа уйлж, инээхдээ инээх нь амьдралын бүрэн дүүрэн утга биш. Амьдралд бүрэн бүтэн бус зүйл байгаа бол таньж мэдэх ёстой ямар нэг зүйл, нээж үзээгүй цоожтой хаалга байна л гэсэн үг. Мөн өтлөхийн цагт хийсэн ажлаас илүү хайртай дотны хүмүүсийнхээ гарыг атгаж, халуун дулаан үг, хайр халамжийг л хүн мэдрэхийг хүсдэг. Юу нэгт, юу хоёрт, юу гуравдугаарт байхыг зөв эрэмбэлэх, тэнцвэртэй байх хэрэгтэй гэж найз нөхөд болоод хамрагчид минь хэлдэг.

Басхүү АНУ-д улсад ажиллаж, амьдарч буй “Монгол хэлний багш” Ц.Наранцэцэг эгч надад нэг удаа “Охиндоо дурсамж үлдээх цаг зав гаргаж байгаарай, нэг л мэдэхэд том болчихно шүү” хэмээж байсныг огт мартдаггүй. Тиймээс орой хариад охиндоо нэг ч болов ном уншиж өгөх эрч хүчтэй байхийг эрмэлздэг болсон.

 

БУСДАД ШИДЭХ САНАА?

Аливаа нэг зүйлийг хийж эхлүүлсэн л бол түүндээ тууштай байгаарай. Хэзээ ч битгий няцаж, буцаарай гэж хүсмээр байна.

https://unread.today/c/howiwork-bsuwd