Т.Галсан: юманд шунадаг үе нь өнгөрөөд номонд шунадаг болжээ

"Номын баяр-2020" УИХ-ын даргын ивээл дор “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу номын баярыг энэ жил есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 4 хүртэл орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх юм. Харин баярын үндсэн үйл ажиллагаа энэ сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж буй юм.

Номын баярт жил бүр 30-40 мянган уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцон зохиолчдын гарын үсэгтэй номыг 20-50 хувийн хямдралтай үнээр авах боломжтой бөгөөд номонд дуртай хүн бүхэнд “Улаанбаатар номын баяр” нээлттэй. Мөн та гудамжны номын сан болон цахим номын санд ном хандивлах боломжтой.

Тус үйл ажиллагаанд оролцож буй зохиолчидтой уулзаж, цөөн хором ярилцлаа.

АУЗ, "Болор цом"-ын эзэн яруу найрагч, Туульч, Т.Галсан "Миний ард түмэн номоор цангасан байна. Юманд шунадаг үе нь өнгөрөөд номонд шунадаг болжээ. Би гурван номтой л үлдлээ. Аугаа их эрдэмтэн Б.Ринчений амнаас унасан алтан үгнүүдийг нэгтгэсэн "Аянгын егөө үгс", "Бэлгэ үгс", "Хилийн овооны нууц" гуравтайгаа л сууж байна.

Монголын ард түмний нэг сайхан зүйл нь ерөөл юм. Ерөөл гурван бүтэцтэй. Эхлээд хэнд, хэзээ юу болж буйг, дараа нь түүний сайн сайхан шинжийг дурддаг, төгсгөлд нь ирээдүй цагт сайн сайхан байх болтугай гэх хэсгийг бэлгэ үг гэж байгаа юм. Бэлгэ үгийн соёл бол хүнийг харласан уй гунигаас салгаж өгдөг буянтай. Өөрөөр хэлбэл хар цайг сүүгээр сүлчхэж байгаатай адил болгодог. Сургуульд орж буй хүүхдэдээ, анх удаа маамуулах гээд айж байгаа эхийн сэтгэлийг яаж сүлэх вэ гэдгийг бэлгэ үгээр илэрхийлж болно. Би бэлгэ үгсийг 60 жил цуглуулан 2 боть гаргасан. Цаашид дахин гурван ботиор хэвлэх гэж байна. Хүнийг сэтгэлийг үгээр ариулах нандин яруу найргийг бэлгэ үг гэж буй юм. Би нэлээд хэдэн төрлийн номтой ирсэн ч дуусчихлаа.

Тэтгэврийн насны хүн 270 мянган төгрөгөөр ном аваад явлаа. Миний хүү хүний хүүхдээс хүзүү дутуугүй, олны хүүхдээс оюун дутуугүй болох нь гэж баярлаж байна лээ. Ард түмэн ангасан хулан шандын ус руу давхидаг шиг айсуй. Номын баярын олзуурхал энэ байна" гэлээ.

“Монгол Ээж” ТББ-ыг үүсгэн байгуулагч, соёл судлаач Ц.Наранханд: "Номын баярт жил бүр оролцдог. Уншигчид жил ирэх тусам олширч, үйл ажиллагаа өргөжиж байгаа нь сайхан санагдаж байна. Энэ удаа би "Эхнэр хүмүүний хөтөч дэвтэр", "Байх гал" гэсэн хоёр шинэ номтой оролцож байна. Номнуудаа 30 хувийн хямдралтай худалдаалж байгааг дуулгая. Шинэ номуудыг авч амжаагүй байгаа уншигчдадаа хүрэлцэн ирж, танд зориулсан үгтэй, гарын үсэгтэй номоо худалдан аваарай гэж урьж байна" гэлээ.

Номын баярын хоёр дахь хэсэг Соёлын сайдын ивээл дор есдүгээр сарын 19-ний өдрөөс 10-р сарын дөрвөн хүртэл "Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө" уриатайгаар дүүрэг, орон нутагт зохиогдох юм.

Номын баярын нээлт энэ сарын 19-ний бямба гарагт 11 цагаас Төв талбайд болон дүүрэг, аймгийн төвүүдэд нэгэн зэрэг болно. Номын баярыг тэмдэглэх өдрүүдэд: “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага, Номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу, Орон даяар “Ном бид хоёр” бүх нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулах, “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг цахим уралдаан, “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо, Уншигч-зохиолчдын уулзалт, сургалт лекц, Уншигч хүүхдэд зориулсан хөтөлбөр, Уран уншлага, Номын баатруудын театрчилсан тоглолт, Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ, Ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр нэвтрүүлэг, хэлэлцүүлэг болно. Эх сурвалж: gogo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар