Үндэсний номын баяр-2019 арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Номын баярын өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад хүүхэд, залуучууд, ард иргэдийг өргөнөөр оролцуулсан ёслолын ажиллагаа, шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах, сайн уншигчийг тодруулах ажиллагаа явуулах, номын баярын өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллах зэргээр өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

“Үндэсний номын баяр 2019” арга хэмжээг 9 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд улсын хэмжээнд нэгдсэн төлөвлөгөөний дагуу  ном хэвлэлийн салбарын үйл ажиллагаа,  номтой нөхөрлөх нийтийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, номын төрөлжсөн үзэсгэлэн, номын нээлт, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, гэр бүлийн хөгжөөнт тоглоом, ном бэлэглэх урамшуулалт тэмцээн зэрэг уламжлалт арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгууллаа.

Номын баярын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЗГХА Соёл, урлагийн газрын хэлтсийн дарга Н.Мөнхзул, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Цэнджав, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол,  “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд нар оролцов.

Үндэсний номын баяр 2019 арга хэмжээг УИХ-ын дарга М.Занданшатар болон түүний ажлын албанаас онцгой анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэн оролцож, арга хэмжээний үеэр анх удаа “Онцлох ном”, “Шилдэг уншигч”, “Номын ертөнцийн гавьяатан”-ыг тодруулж, Монгол Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Мэргэн ном” цомоор шагналаа. Эрдэнийн чулуун суурин дээр ном уншиж буй мазаалайн дүрсийг суурилуулсан цомыг УИХ-ын дарга санаачлан бүтээлгэжээ.

2019 оны “Онцлох ном”-оор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч агсан Бавуугийн Лхагвасүрэнгийн “Морин зэрэглээ” бүтээл шалгарсныг түүний хүү Л.Хасарт гардуулж өглөө. Харин “Номын ертөнцийн гавьяатан” шагналын эзнээр зохиолч, яруу найрагч, нийтлэлч Б.Наминчимэд, “Мэргэн уншигч”-аар номын залуу зүтгэлтэн Н.Энхсайхан нар тодорч “Мэргэн ном” цомыг гардлаа.

Оюутан сурагчдад зориулан “Ном бол зам” шилдэг лекторуудын илтгэл, “Сонороо мялаая” хөгжимтэй уншлага, зохиолчдыг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийн танилцуулга зэрэг үйл ажиллагаа болсон юм.

Энэ жилийн номын баярт ОХУ-ын зохиолчид оролцож, 9 дүгээр сарын 13-18-ны өдрүүдэд дэлхийн болон оросын орчин үеийн уран зохиолын тухай сонирхолтой илтгэлүүдийг сонордуулж, Монгол-Оросын зохиолчдын уулзалт,  Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн Монгол төгсөгчидтэй уулзалт, ярилцлага болов.

БСШУСЯ-наас Номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчлах зорилгоор уншлагыг дэмжих журам батлан хэрэгжүүлж,  энэ хүрээнд 2019 оныг “Хүүхэд залуучуудыг уншлагыг дэмжих жил” болгон зарлаж, нийтийн уншлагыг дэмжих олон талт ажлуудыг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд явуулж байна.

“Номын баяр – 2019 арга хэмжээг  “Ном бол зам” уриан дор  зохион байгуулж,  ерөнхий зохион байгуулагчаар “Номын соёлт ертөнц” ТББ, хамтран зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэл,   Монголын оюутны холбоо, Язгуур контент ХХК, Хатун төв зэрэг байгууллагууд ажиллалаа.

“Үндэсний номын баяр 2019”-ийн үйл ажиллагааг МИАТ, Сод сан зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага ивээн тэтгэж, тэдний оролцоо ном, номын уншлагыг дэмжих, дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа нь талархууштай байлаа.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар