"Үндэсний номын баяр" - 2018 болж өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх, ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран “Үндэсний номын баяр 2018”-ыг өнгөрөгч 14, 15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор амжилттай зохион байгууллаа.

Номын баярын нээлт 09 сарын 14-ний 12:00 цагт Төв талбайд ёслол төгөлдөр эхэлсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагааг 20-р зууны манлай соён гэгээрүүлэгч, Төрийн 3 удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнгийн зохиосон “Төрийн дуулал”-аар эхлүүллээ.

“Үндэсний номын баяр – 2018”-ыг нээж ерөнхий зохион байгуулагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны зөвлөх Ц.Хулан нар үг хэлсэн юм.

Арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүллээ.Монгол Улсын Ардын уран зохиолч, Бөхийн Бааст, Монгол Улсын Ардын уран зохиолч, Тангадын Галсан, Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол нарыг Үндэсний Номын баярын хүндэтгэлийн суудалд урин залсан юм.

Энэ удаагийн номын баярыг онцлог нь Соёл урлагийн ууган байгууллага Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлахын зэрэгцээ Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч,нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн /110 жил/, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун /100 жил/, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж /100 жил/, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдорж /90 жил/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаа /90 жил/ зэрэг тэгш ой нь тохиож байгаа зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран зохион байгуулсан явдал юм.

Мөн үндэсний номын баярын энэ л өдөр ном уншдаг тэргүүний хүүхдүүдийг алдаршуулан “Тэргүүний уншигч–Д.Нацагдоржийн тэмдэгтэн” шагнаж урамшууллаа.  

Урлагийн тоглолтууд:

Монгол Ардын Уртын дуу “Будал цолмон хүрэн” /Консерваторийн Дуулаачийн факультетын оюутан А.Лувсандорж,  Үндэсний хөгжмийн факультетын оюутан Г.Отгонбаяр/

Хөгжмийн зохиолч Ж.Чулуун “Уулын горхи” /ХБК-ийн хийлийн чуулга/

Ц.Сэвжид “Баруун Монгол биелгээ“ /ХБК-ийн бүжгийн ангийн оюутнууд/

“Монгол гайхамшиг” уран нугаралт /ХБК-ийн бүжгийн оюутан Дэлгэрхишиг/

“Морьтон Монгол”/ Узбекстанд зохион байгуулагдсан “Напевы Навруза” ОУ-ын Үндэсний хөгжмийн наадмын Гран При шагналт “Халх Монгол” хамтл

 

Номын баярын хоёр дахь өдөр “Уншигч таны оюуныг дайлья” сэдвийн хүрээнд “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагчид болон зохиолчид өөрсдийн шүлэг, яруу найргаа толилуулахаас гадна дууны уран бүтээлийг сурталчлах, МЗЭ-ээс хуучин нэн ховордсон номыг хямдралтай худалдах зэрэг олон сонирхолтой ёслол, үйл ажиллагаа явагдлаа.

 

 

Түүнчлэн аймаг, нийслэл, орон нутгийн 200 гаруй номын санчид хуран чуулж, “Mongolian librarу update:Номын сангуудын туршлагаас” зөвлөгөөн, “Номын сангийн алсын хараа” сургалтууд, хэвлэлийн газар, хэвлэн нийтлэгчдийн үйл ажиллагаа, нийтээрээ номтой нөхөрлөх нийтийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, яруу найргийн чөлөөт уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын хямдралтай болон зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом, номын бэлэг, урамшуулалтай уралдаан, тэмцээнийг өргөн хүрээнд улс орон даяар зохион байгууллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар